Пауло Коело - АЛХИМИЧ

Page 54

мөн хэлдэг. Бидний мэдэх юм бүхэн цөлөөр заагддаг.” Настан дохио өгмөгц бүгд бослоо. Зөвлөлгөөн дууслаа. Тамхи бүхий том гаанснуудыг унтрааж, харуулууд сонор сэрэмжтэйгээр зогсоцгоов. Хүү гарахаар бэлдсэн боловч настан ахин яриж эхлэв. “Маргааш бид баянбүрдийн хүмүүс зэвсэгтэй байж болохгүй гэсэн хоригийг зөрчих болно. Бүтэн өдрийн турш бид дайсан ирэхийг харан сэрэмжтэй байна. Нар шингэхэд бүх эрчүүд зэвсгээ надад буцаан хураалгана. Дайсны алагдсан арван хүн тутамд чамайг хэсэг алтаар шагнах болно.” “Гэхдээ зэвсэгийг тулаанд оруулалгүйгээр буцаан хуйлж болдогггүй. Зэвсэг бол цөлийн адил хилэнцэт хортой тул хэрвээ тэд ашиглагдаагүй бол дараагийн удаад ажиллахгүй байх боломжтой. Зэвсгийн аль нэг нь маргааш орой гэхэд ашиглагдахгүй бол нэгийг нь чамд хэрэглэх болно.” Хүү асрыг орхин явахад баянбүрд зөвхөн бүтэн сарны гэрэлд туяаран байв. Тэр майхандаа хүртэл хориод минут явах зайтай агаад хүү тийшээгээ гэлдэрч байлаа. Сая тохиолдсон зүйлд хүү цочирдсон байв. Тэрээр Дэлхийн сүнсэнд амжилттай хүрч чадсан бөгөөд үүний төлөөс нь магадгүй түүний амьдрал байж болохоор байлаа. Энэ бол аймшигтай бооцоо байв. Гэвч хүү хонио заран Хувийн бахархалынхаа төлөө тэмцэж эхэлснээс хойш эрсдэлтэй алхмуудыг хийсээр ирсэн билээ. Тэгээд тэмээ хөтлөгчийн хэлснээр маргааш үхэх бол бусад өдөр үхэхээс тийм муу зүйл биш. Өдөр бүхэн л хэн нэгний амьдрах эсвэл энэ хорвоогоос буцахыг тэмдэглэдэг шүү дээ. Бүх л зүйл нөгөө үгээс хамаарах юм. “Мактүб.” Нам гүм дунд ганцаар алхан байх зуур түүнд харамсах зүйл огтхон ч байхгүй байлаа. Хэрвээ тэр маргааш үхэх бол Бурхан ирээдүйг өөрчлөхийг хүсээгүй л гэсэн үг. Тэр үгүй ядахдаа тэнгисийн хоолойг гатлан, болор эдлэлийн дэлгүүрт ажиллаж, цөлийн нам гүм болон Фатимагийн нүдийг мэдрэсний дараа үхэх нь. Тэрээр гэрээ орхин гарснаас хойш өдөр бүрийг эрчимтэйгээр амьдарсаар ирсэн юм. Хэрвээ тэр маргааш үхэх юм бол тэр аль хэдийн бусад хоньчидоос илүүг харж үзсэн байх тул түүгээрээ бахархаж байв. Гэтэл гэнэт түүнд аянга дуугарах мэт чимээ сонсогдож тэр өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй их салхины хүчинд цохигдон газарт уналаа. Орчин тойрны газарт хүчтэй тоос бужигнан сарны гэрлийг хааж орхив. Түүний өмнө асар том цагаан морь цоройн аймшигтай чангаар янцгаан байлаа. Нүд харанхуйлам тоос арай намдахад хүү харсан зүйлдээ салганан чичрэв. Морины нуруун дээр тас хараар хувцаслан зүүн мөрөн дээрээ шонхор шувуу суулгасан эр мордсон байлаа. Тэр турбан өмссөн бөгөөд нүднээс бусадаа хар өнгийн унжлагаар халхалсан байв. Түүнийг харахад цөлөөс ирсэн элч мэт байсан бөгөөд гэхдээ жирийн нэг элчийг бодоход илүү хүчирхэг сүртэй харагдаж байлаа. Үл таних морьтон эмээлэндээ бэхэлсэн хуйнаас асар том махир сэлэм сугалан гаргалаа. Сэлмийн ир нь сарны гэрэлд гялалзан харагдав. “Харцагануудын нисэлтийг тайлан уншихийг зүрхэлсэн хүн хэн бэ?” гэж тэрээр маш чангаар Эл-Фаюум баянбүрдийн тавин мянган далдуу модод бүхэн давтан цуурайтах мэт шаардан асуулаа. “Би тэгж зүрхэлсэн билээ,” гэж хүү хэлэв. Хүү гэгээн Сантъяаго Матаморос цагаан мориныхоо нуруун дээр мордоод туурайных нь доор бүдүүлэг омгийнхон сөхрөн байдаг зургийг эргэн саналаа.


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.