7 minute read

Зөвлөх инженер, доктор С.Сайнбаяр: Зөв төлөвлөлт газар зохион байгуулалтаас эхэлдэг

Зөвлөх инженер, доктор С.Сайнбаяр: Зөв төлөвлөлт газар зохион байгуулалтаас эхэлдэг

Зөвлөх инженер, Доктор С.Сайнбаяртай ярилцлаа.

Сүүлийн жилүүдэд газрын салбар хууль эрх зүйн хувьд сүрхий бэхэжсэн гэж нэг талаасаа хэлж болно. Газрын талаар иргэдийн ойлголт ч шинэ түвшинд хүрсэн. Энэ бүхэн Газар өмчлөх хууль хэрэгжиж эхэлсэн цаг үеэс бий болсон гэж болно. Энэ салбарын мэргэжилтний хувьд газар, түүний эрх зүй, нийгмийн харилцааны талаар эхлээд тодруулахгүй юу?

Газар бол хүн төрөлхтөний амьдралын үндэс. Улс орон оршин тогтнох үндэс. Энэ талаасаа магадгүй хамгийн чухал зүйл. Монголчууд олон зууны тэртээгээс газрыг этүгэн бор газар гэж сүслэн залбирч, хүндлэн дээдэлсээр ирсэн ард түмэн. Энэ бол нүүдэлчдийн өвөрмөц хэв маягийн амьдрал нь нөлөөлсөн байх гэж боддог.

Ер нь нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбогдон газрын эрх зүйн зохицуулалт хийгдэж, хөгжин сайжирсаар ирсэн. Манай улсад 2002 онд Газрын багц хуулийг баталсан байдаг. Хорь гаруй жил өнгөрөхөд энэ багц хуулийг шинэчлэн сайжруулах шаардлага зүй ёсоор гарч байгаа ч хэд хэдэн удаагийн УИХ дамжин хойшлогдсоор өдий хүрлээ. Газрын салбарын өмнө цаг үеийн нөхцөл байдал, нийгэм, эдийн засаг, бизнесийн орчны хөгжлөөс үүдэлтэй эрх зүйн тулгамдсан асуудал их байгаа. 2002 оны газрын тухай багц хууль нь газрын зах зээл, үнэ цэн, хөгжлийн өнөөдрийн нөхцөл байдлыг сайн урьдчилан харж чадаагүй нь өнөөдрийн түвшинд шинэ зохицуулалтын арга хэлбэрийг шаардсаар байна. Үүний хамгийн том шалтгаан бол Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлт юм.

Ерөөс бизнесийн орчны хурдацтай өөрчлөлт, хөгжлөөс шалтгаалан Газрын эрх зүйн зохицуулалт, өмчлөх эзэмших эрхийн ялгаа, газрын үнэ цэн, дахин төлөвлөлт, газрын зах зээлийн нээлттэй, ил тод, тэгш байдал, газрын эрх олгогчдын зохисгүй үйл ажиллагаа, зориулалтын бус үйл ажиллагаа гээд хуулиар хатуу зохицуулах шаардлагатай олон зүйлүүд гарч ирж байна. Эрх зүйн хувьд эдгээр асуудлыг шуурхай зохицуулахгүй бол нийгмийн тэгш бус байдлыг улам лавшруулах юм. Өөрөөр хэлбэл, төр засаг нийгэм, эдийн засгийн хөгжлийн зураглалаа газрын төлөвлөлтөөс эхлэх учиртай юм.

Эрх зүйн зохцуулалт нь эдийн засаг, нийгмийн хөгжлөө гүйцэхгүй байгаагаас газарт хөрөнгө оруулах боломжууд хомсдож, газрын эрх цөөн бүлэг хүмүүст төвлөрсөн байна. Эцсийн дүндээ нийгэм эдийн засгийн олон сөрөг үр дагаварууд бий болно. Тийм учраас эрх зүйн шинэ орчныг бүрдүүлж, энэ алдаа дутагдлуудыг арилгаж, иргэдийн оролцоотой тэгш шударга газрын засаглалыг бий болгох хэрэгтэй болоод байгаа юм.

Та бол газрын мэргэжилтэн. ОХУ-д энэ мэргэжил эзэмшиж эрдэмтэн болсон хүн. Мэргэжилтний нүдээр харахад Монгол Улсад Газрын хуулийн хэрэгжилт, эрх зүй ямар түвшинд явж ирлээ гэж боддог вэ?

Одоо хэрэгжиж байгаа Газрын багц хууль нийгэм эдийн засгийн хөгжлөө гүйцэхгүй, үүргээ гүйцэтгэж чадахгүй болсныг дээр дурьдлаа. Өнгөрсөн хугацаанд газрын салбарын харилцаа ерөөс “ТӨЛӨВЛӨЛТИЙН БУС АРГА”-аар л явсан нь өнөөдрийн гажуудлыг бий болгосон. Нэн ялангуяа, 1990-ээд онд шинэ нийгэм бий болоход газрын тухай ойлголт байхгүйгээс хөгжлийн төлөвлөлт, газар төлөвлөлтгүй явж ирсэн нь өнөөдрийн замбараагүй Улаанбаатарыг бий болгосон гэж мэргэжлийн талаасаа хардаг. Тухайлбал, хөрсний бохирдол, замын түгжрэл, хотын утаа гээд оршин суугчдыг бухимдуулж, амьдрал эрүүл мэндэд шууд нөлөөлж байна.

Тэрчлэн эрх мэдэлтнүүдийн дур зоргоороо аашилж, газар эзэмшиж, өмчлөх ашиглах үйл явц, жирийн иргэд энгийн аж ахуйн нэгжүүдэд газар олдохгүй байх зовлон бүгд л хот төлөвлөлт, газрын эрх олгох үйл ажиллагаа ил тод бус явж ирснээс үүдэлтэй. Авилга цэцэглэн хөгжих нэг том үндэс газрын наймаа болж хувирсан.

Мэргэжилтний зүгээс харахад ч, олон улсын практикт ч газрын харилцаа нь хоёр чиглэлээр л зохицуулагддаг юм. 1-рт төлөвлөлтөнд суурилсан газрын харилцаа, 2-рт нь эрх зүй, эдийн засаг дээр суурилсан газрын харилцаа гэж үздэг. Миний хувьд “Төлөвлөлтөд суурилсан газрын эрх зүйн харилцаа”-г түлхүү судалсан. Энэ чиглэлийг баримталдаг хүн. Монгол орны тухайд, тэр дундаа Улаанбаатарт төлөвлөлтөд суурилсан газрын харилцаа илүү тохиромжтой.

Өөрөө газрын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх сургуульд багшилж байна. Танай бэлтгэж байгаа мэргэжилтэн цаг үеийн эрэлтэд нийцэж ажиллаж чадах мэдлэг, дадлагатай болж чадаж байгаа юу?

Миний тухайд 2009 онд эрдмийн зэргээ хамгаалж ирээд л багшилсан. Тэр үед газрын мэргэжилтэн гэхээр их өөр ойлголттой байсан. Зөвхөн газрыг өгдөг, хуваарилдаг хүн л гэж ойлгодог байсан. Үнэндээ бол тийм биш юм. Жинхэнэ газрын мэргэжилтэн гэдэг хүн маань газраа мэддэг, судалдаг, төлөв байдал, чанарыг нь тодорхойлдог, тухайн газар нутгийнхаа байгаль экологи, нийгэм эдийн засгийн онцлогт суурилаад тооллого бүртгэлийг нь хийсний үр дүнд тухайн газарт тохирсон газрын бодлого боловсруулж, төлөвлөлт, олголт, зориулалтыг нь тодорхойлох чадвартай байх ёстой. Ингэж байж сая жинхэнэ мэргэжлийн газрын мэргэжилтэн болж чадна. Ийм мэргэжилтэн л газраа үнэлж, хянаж, төлөвлөж төлөвлөлтөө хэрэгжүүлж чадна гэсэн үг. Эцсийн эцэст газрын асуудлыг цогцоор харна гэсэн үг. Энэ бүхэнтэй уялдуулаад сургалтын хөтөлбөрөө гурван удаа шинэчилсэн.

Иргэд олон нийтийн зүгээс газрын мэргэжилтэн гэхээр газрын албан дээр сууж байгаа хүнийг л газрын мэргэжилтэн гэж ойлгодог. Энэ хүн бол төрийн өмнөөс хууль хэрэгжүүлж буй мэргэжилтэн л юм. Гэтэл гол мэргэжлийн ажлаа эрхэлж буй хүмүүс бол мэргэжлийн тусгай эрх бүхий хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа мэргэжилтнүүд юм. Тэд газрын тооллого, хянан баталгаа, төлөвлөлт, нөхөн сэргэлтийн ажлаа цогцоор нь хариуцаад ажилладаг.

Богдхан уулын олон ам, Зайсан хавь бол Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр. Газар үнэд орж, энд тэндгүй газрын асуудал босож ирээгүй байхад Зайсан толгой хотын хаанаас ч харагддаг байлаа. Одоо олон давхар сүндэрлэсэн барилга, эргэн тойрон байшин дунд орчхоод Зайсан толгойг олж харах хэцүү боллоо. Нүүлгэлтэй биш, яах ёстой юм бол? Газрын хуулийг зөрчсэн сонгодог талбар л болоод байна?

Хан-Уул дүүргийн хамгаалж бас бахархаж байх ёстой газар бол Богдхан уул гарцаагүй мөн. Бидний 20 жилийн өмнө урьдчилан харж чадаагүй асуудлын нэг том жишээ юм. Юуны өмнө хилийн цэсийг дахин тогтоох шаардлага гарч байна. Түүнээс хүмүүсийн бүтээсэн энэ их баялгийг нурааж устгаж болохгүй. Эрх зүйн хувьд 2002 оны хуулинд орхигдуулсан нэг алдаа бол хариуцлагын асуудал.

Маш олон хүнд эрхийг нь өгсөн. Өнөөдөр сумын бүх Засаг дарга газар олгож л байна. Дүүрэг, нийслэлийн засаг дарга нар газраа олгосоор л байна. Яам газар олгож л байна. Энэ нь газрын сан нэгдмэл байна гэсэн Газрын тухай хуулийн үндсэн агуулгаа зөрчөөд байгаа. Энэ зохисгүй алдааг засахын тулд эрх мэдэлтнүүдийн хариуцлагын тухай зүйл заалтыг тодорхой болгож, багц хуулиа засан сайжруулах нь тулгамдсан асуудал. Дархан цаазат Богдхан ууланд олгосон байгаа тэр бүхий л газар үе үеийн сайд нар, тэднийг мэргэжил арга зүйгээр хангаж байсан албан хаагчдын буруу. Монгол Улсын хэмжээнд 73 тусгай хамгаалалттай газар нутаг байна. Ганцхан Богдхан уулаар жишээллээ. Бүгдийг нь маш сайн төлөвлөлт хийж, маш сайн менежментээр ашиглалт хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар мөн л адилхан. Хамгаалах, оршин суугчид нь амьдралдаа ашиглах, эргээд өөрсдөө хамгаалах давхар үүрэг, хариуцлага эрх зүйн тогтолцоог нарийсган тогтоож өгөх цаг болсон. Одоогийн нөхцөлд хилийн цэсийг нь тогтоогоод л орхидог нийтлэг дутагдал байсаар байна.

Тусгай хамгаалалттай газраас гадна хамгийн хүнд нөхцөл байдалд орсон газар бол Нийслэл болоод байна. Улаанбаатар хотод газар төлөвлөлтийг та мэргэжлийн хүн, салбарын эрдэмтний хувьд юу гэж харж байна?

Юуны өмнө энэ асуудлыг цогцоор нь харж, системтэй шийдвэрлэх хэрэгтэй. Хэсэг хэсгээр нь таслаад зөвхөн газар олголтоор ч гэдэг юм уу, зөвхөн хамгаалах асуудлаар хашиж хамгаална гэж туйлширч болохгүй. Бүхий л талаас нь харж нийгэм, эдийн засгийн шийдлийг хамтад нь тусган шийдвэрлэхэд анхаарлаа хандуулах нь зөв гэдгийг түрүүн дурьдлаа.

2002 оны газар өмчлөлийн хуулийг аваад үзвэл хоёр талтай. Нэг талаас нь харвал, иргэнээ өмчтэй болгосон, иргэндээ газрыг өмчлүүлсэн, баталгаатай хөрөнгөтэй болж байна гэдэг нь сайн хэрэг. Тэгтэл энэ их замбараагүй газар олголт маань хотыг цэгцтэй хөгжихөд саад болж байна. Нөгөө л утаа, бохирдол, түгжрэл бодит үр дагавар. Төр эргээд хотоо хөгжүүлэхийн тулд иргэнээсээ маш өндөр үнээр өмчилсөн газраа эргүүлэн худалдан авч байгаа нь дахин төлөвлөлтийн асуудлыг ч хүндрүүлж байна. Хүмүүс хот ямар сайхан байв аа, тэр хороолол, энэ 120 мянгат, тэр Зайсан гээд. Цахим ертөнцөд зураг хөргийг нь тавьдаг. Энэ бол төлөвлөлтөнд суурилсан норм стандартаа мөрддөг хотын хөгжлийн дүр төрх байсан юм. Тэгтэл бид сүүлийн 30 жил ийм төлөвлөлт хийлгүй хотоо тойруулаад замбараагүй гэр хороолол буй болгосон. Зай талбай бүрт барилга барих эрх олгосон.

Төлөвлөлт гэдэг бол зам байх газар нь замаа, сургууль байх газар нь сургуулиа, худаг байх газар нь худгаа барих тийм нарийн төлөвлөлт юм. Ингэж чадаагүйгээс нийгмийн шаардлага гараад ирэхээр эмнэлгээ, сургуулиа, цэцэрлэгээ барих гээд газар байхгүй. Үүсэж байгаа асуудлыг дахин төлөвлөлт нэрээр иргэдээс эргүүлэн газар чөлөөлүүлж худалдан авах арга замыг сонгохоос өөр гарцгүй. Энэ нь амьдрал дээр бараг тэр сургууль, эмнэлэг барих зардлаасаа ч илүү хөрөнгө зарж газар олж авч байна. Энэ нь төлөвлөлтгүй газар олголт, эмх замбараагүй суурьшил бий болсонтой холбоотой. Эцсийн дүндээ Улаанбаатар хот дэлхийн хамгийн төлөвлөлтгүй, хамгийн өндөр өртөгтэй хот болчхоод байна шүү дээ.

This article is from: