Page 1

ГЭРЭЛТ СҮҮДЭР

Кино урлагийн түүхэн дэх

ØÈËÄÝÃ

Амарсанаагийн Амармэнд

Н ÀÐÀÀÒÀÍ

АРВА хү

дүрст

“Сул доройгоо өрөвдөн хайрлах гэдэг байгалийн эсрэг үйлдэж буй гэмт хэрэг.” А.Гитлер. Хүн амьд явах эрхтэй. Ямар тэнэг сонсогдож байна гээч. Ийм эрхийг тэдэнд хэн олгосон хэрэг вэ? Өөрөө өөрсдөдөө шүү дээ! Угаасаа ч сул дорой хүмүүсийн бөөгнөрөл олигтойхон зүйлийг бодоод олчихож чадна гэж үү дээ? Энэ удаагийн гэрэлт сүүдэр буландаа дэлгэцийн түүхэнд бүтээгдсэн хамгийн сэтгэл хөдөлгөм эсрэг дүрүүдийг танилцуулж байна. Жагсаалтдаа бид, өмнөх гэрэлт сүүдэрт дурдагдсан В.Херцогийн “Aguirre: The Wrath of God”-ийн Агуйрре (К.Кински), С.Кубрикийн “The Shining”-ийн Жек Торренс (Жек Николсон), “The Clockwork Orange”-ийн Алекс Деларж нарын муу эрсийг оруулаагүйгээс гадна зөвхөн хүн дүрст араатнуудыг сонгосон учраас ямар нэгэн Фредди Кругер, Харийнхан эсвэл Хал-9000 роботуудыг ч багтаагаагүй болно.

Муу эр дугаар:1. Пэтрик Бэйтман Кино: American Psycho /Америкийн Психо/ 2000 он Найруулагч: Мэри Хэррон Жүжигчин: Кристиан Бэйл

Харвард төгссөн, валл стритийн мэргэжилтэн, ямар ч бүсгүйгээс зөөлөн арьстай, гэдэсний зургаан толгойт булчин нь зангирсан, ялдамхан, мэдрэмжтэй басхүү чинээлэг Пэт Бэйтман хүссэн зүйлээ авч чаддаг ч яг л үүнээсээ болоод өөрийнхөө дотоод сэтгэлийн онгорхойг юугаар нөхөхөө үл мэдэн шаналан ганцаардагч. Хүсэл биелсний дараах тэр хоосон ганцаардам мэдрэмж амьдралын турш таныг дагана гээд бодвол хичнээн аймаар... Яг энэ ганцаардал хоосролоо нөхөх арга нь түүний хувьд аллагууд. Энэ бол түүнд ямар ч үдэшлэг, сайхан сексээр орлууламгүй таашаал. Аргагүй шүү дээ, эднийг тэр амьдралдаа уйдталаа амссан юм чинь. Өөр хэн ч түүн шиг орцонд цахилгаан хөрөө барин нүв нүцгэн гүйн, биеэ үнэлэгч бүсгүйг хөөх, Хью Льюисийн хөгжилтэй дууны хэмнэлд виски ууж суусан найзаа (Жаред Лето энэ дүрд тоглоно) сүхдэх (сүх рүүгээ гүйх үедээ Кристиан Бэйл яг л Жим Кэрри гэж андуурмаар хөгжилтэй харагддаг гээч!) гэх мэтийн солиотой бас хөгжилтэй зүйлсийг хийж байгаагүй болохоор тэр энэ жагсаалтад гарцаагүй багтах эрхтэй нэгэн. 160 


УРЛАГ Муу эр дугаар:2. Жон Дое Кино: Seven /Долоо/ 1995 он Найруулагч: Дэвид Финчер Жүжигчин: Кевин Спэйси

Баруунд үл танигдах цогцос эсвэл өвчтөнийг нэрлэдэг Жон Дое гэсэн нэрийг өөртөө сонгож авсан тэр АНУ-д төрж өссөн, цагаан арьстан, христийн шашинтан, дунд зэргийн нуруутай, ганцаардмал зожиг, өндөр боловсролтой, чинээлэг нэгэн. Цэвэр ариун зүрх сэтгэлтэйнхээ улмаас улам бүр уруудан доройтох хүний нийгмийг үзэн ядсандаа тэрээр христийн шашны долоон нүгэл /ховдоглол, шунахайрал, залхуурал, атаархал, уур хилэн, бардам зан, хүсэл тачаал/ үйлдсэн нүгэлтнүүдийг хэрцгийлэн шийтгэдэг. Зургаан аллагын сэжигтэн түүнийг мөрдөгч Милльз киноны төгсгөлд буудан хөнөөдөг. Үүнээс өмнөхөн Милльз эхнэрийнхээ толгойг илгээмжээр авдгийг дурдахгүй өнгөрч болохгүй л дээ. Милльзийн гэр бүлийн жаргалтай амьдралд Дое атаархан, эхнэрийг нь хөнөөж нүгэл үйлдсэнийхээ хариуг ингэж хүртдэг бол яг л Дое-ийн төлөвлөсөн ёсоор Милльз уур хилэнгээ барьж дийлэлгүй түүнийг хөнөөн нүгэлтэн болж Дое энэ тоглоомонд ялагч болдог. Яг үнэндээ бол Дое-ийн атаархал, Милльзийн уур хилэн бусад хохирогчдын нүглүүд ч тэр зөвхөн тэдэнд хамаатай зүйл биш, бид бүгдийн дотор ч эргэн тойрон ч хаа сайгүй л оршиж байдаг. Т.Мур нэгэн удаа “Хүнийг таних тусмаа би адгуусыг хайрлах боллоо” хэмээн уулга алдсан нь юутай үнэн. Энэ нийгэмд үлдсэн сүүлчийн гэрэл гэгээнүүдийн нэг нь Дое байсан ч юм бил үү... Тэр муу муухайн эсрэг тэмцэгч л байсан...

1

2

Зураг www.google.com

Муу эр дугаар:3. Антон Чигүрх Кино: No country for old man /Хөгшдөд нутаг үгүй/ 2007 он Найруулагч: Ах дүү Коэн Жүжигчин: Хавиер Бардем

3

Түүний эцэг нь Пулитцерийн шагналт зохиолч Кормак Маккарти бол хүмүүжүүлэгчид нь ах дүү Коэнүүд. Робот шиг сэтгэл хөдлөлгүй, харь гаригаас ирсэн мэт хачин төрхтэй (Уг нь Х.Бардем сэтгэл татам залуу л даа!), далаад оны фэшнд дуртай тэр дэлгэцийн түүхэн дэх алуурчны хамгийн өвөрмөц зэвсгүүдийн нэг буюу мал нядалгааны хийн шахалтат бууг ашигладаг. Өчүүхэн ч сэтгэл хөдлөл, ямар нэгэн шалтгаангүйгээр ялаа алах мэт бусдын амийг авч одох түүнд хүний гэх зүйл тун багахан болохоор хүн араатнууд гэсэн энэ жагсаалтад түүний нэрийг багтаах нь хүндлэл үзүүлээгүй үйлдэл ч байж мэднэ. Дое хэзээ ч үл биелэх хүсэл мөрөөдөлдөө автан аллага үйлдэж байсан бол Чигүрхт мөнгө л хэрэгтэй. Гэхдээ мөнгөнөөс ч илүүгээр тэр энэ ажилдаа дуртай, яг л хар тамхи эсвэл секс шиг. Ах дүү Коэнийн өөр нэгэн бүтээл Фаргогийн мөнхөд л тамхи татаж байдаг, бараг л ярьдаггүй Гэир Гримсрадын дүр л Чигүрхтэй чөтгөрлөг байдлаараа дөхөж очно. 161  161 


ГЭРЭЛТ СҮҮДЭР

7

4

8

5

9

6

10

162  162 


Муу эр дугаар:4. Макс Кэйди Кино: Cape Fear /Айдсын булан/ 1962 он Найруулагч: Жей Ли Томпсон Жүжигчин: Роберт Митчем

1991 онд М.Скорсезийн найруулсан хувилбарт Р. Де Нирогийн жүжиглэлт бие зарсхийлгэм байсныг хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй ч Роберт Митчем шиг Макс Кэйдигийн дүрийг хэн ч бүтээж чадахгүй биз ээ. Макс Кэйди уг нь жирийн л нэгэн гудамжны гэмт хэрэгтэн байсан хуульч Боуден түүнийг хүчингийн хэргийн төлөө ялласнаас хойш мангас болон хувирна. Тэр шоронд өнгөрөөсөн найман жилийнхээ туршид зөвхөн Боуденээс хэрхэн өшөөгөө авах талаар төлөвлөгөө боловсруулж, өөрийгөө сэтгэл зүйн хувьд бүрэн араатан болгож бэлддэг. Кэйди өшөө хорслоор цэнэглэгдэн Боудений гэх юм бүхнийг, эхнэр, охин бүр нохойг нь хүртэл тарчлаахаар зэхэж эхлэнэ.

Муу эмэгтэй дугаар:5. Сувилагч Милдред Рэтчед Кино: One flew over the cuckoo’s nest /Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг/ 1975 он Найруулагч: Милош Форман Жүжигчин: Луйс Флетчер

Муу хүмүүсийн жагсаалтад нэг ч гэсэн эмэгтэйг оруулахгүй бол феминистүүд гомдох байх л даа. Эмэгтэйчүүд эрчүүдийн санаанд хэзээ ч орохооргүй тийм харгис зүйлийг бодож олох нь их. Уг нь эмч мэргэжилтэй хатагтай Рэтчед нэг ч хүнийг хороогоогүй ч түүний үйлдлээр бие махбодийн зовлонгийн хажууд сэтгэлийн зовлон гэдэг хамаагүй зовиуртай эд гэдгийг тултал нь ойлгоно. Хатагтай Рэтчед зүгээр нэг гудамжны гэмт хэрэгтэн эсвэл солиорсон алуурчнаас илүү нацизмын хорих лагериудад хүн дээр туршилт хийж байсан германы эрдэмтэдтэй төстэй. Хязгааргүй хүйтэн бас бусдыг тарчлаах донтой тэрээр хөөрхий сэтгэл мэдрэлийн өвчтөнүүд дээр өөрийн хүслээ хангадаг. Чех гаралтай найруулагч Милош Форманы Кен Кизигийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн эл кино Америкийн кино урлагийн түүхэн дэх хамгийн мундаг бүтээлүүдийн нэгд тооцогдох болсны гол шалтгаан нь Луйс Флетчерийн гайхалтай амьдруулсан Рэтчедийн дүр гарцаагүй мөн. Хэрвээ өөр хэн нэг эмэгтэйг түүнтэй өрсөлдүүлвэл би хувьдаа Misery-д бүтээсэн Кэти Бэйтсийн солиорсон шүтэн бишрэгч хатагтай Энние Вилкесийн дүрийг санал болгоно. Өөрийнхөө хайртай зохиолчийг хөдөөгийн жижиг байшиндаа хорьж, алдахгүйн тулд зовоон тарчилгах хайрандаа солиорсон эмэгтэйн дүрийг бүтээснийхээ төлөө К.Бэйтс Алтан бөмбөрцөг болон Оскараас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн юм.

Муу эр дугаар:6. Томми Де Вито Кино: Goodfellas /Сайн эрс/ 1990 он Найруулагч: Мартин Скорсез Жүжигчин: Жое Песси.

Скорсез гэхээр ихэвчлэн Р. Де Ниро эсвэл Л. Ди Каприо санаанд орж болох ч түүний эхэн үеийн уран бүтээлүүдэд намхан, бүдүүн, царай муутай, сөөнгө хоолойтой, түргэн ууртай, тэнэгдүү, юу ч хийж мэдэх итали дээрэмчний дүрийг бүтээдэг байсан Жое Песси үгүйсэн бол “Сайн эрс” эсвэл “Казино”-г төсөөлөхөд бэрх. Ухаан муутай догшин ширүүн Томми Де Витогийн дүр зарим талаараа “Raging bull” (Улангассан бух)-ын Жэк Ла Моттаг (Р. Де Ниро) санагдуулна. Жижигхэн итали эр баарны зөөгчийг шалтгаангүй зодож эсвэл хөл рүү нь буудаж, тааралдсан хүн бүрээ элдвээр хараан зүхэж, маргасан нэгнийг нүүр лүү нь үхтэл дэлсдэг. Магадгүй харгис үзэн ядмаар байдлаараа Казиногийн Никигийн дүр давж гарч болох ч Ники бол зөвхөн Де Витогийн сайжруулсан хувилбар билээ.

Муу эр дугаар:7. Кайзер Созе Кино: Usual Suspects /Жирийн сэжигтэн/ 1995 он Найруулагч: Брайн Сингер Жүжигчин: Кевин Спэйси.

“Чөтгөрийн хамгийн аугаа заль мэх бол тэр өөрийгөө энэ ертөнц дээр огт оршдоггүй гэдгийг бусдад үнэмшүүлсэн нь” Шарльз Бодлер. Түүнийг энэ ертөнц дээр хэн ч хараагүй бөгөөд зөвхөн элдэв цуу яриа л гэмт хэргийн ертөнцөд домог мэт ам дамжин яригддаг. Тэр Туркт төрж тэндээс хар тамхины бизнесээ эхлүүлсэн. Нэгэн удаа түүний өрсөлдөгч унгарууд гэрт нь дайран орж эхнэрийг нь хүчиндэж, хүүхдүүдийг нь барьцаалан түүнд бизнесээ орхих болзол тулгаад, нэг хүүхдийг нь алахад тэр унгаруудаас түрүүлж өөрийн гэр бүлийнхнээ, дараа нь унгаруудыг буудан хороосон гэдэг. Гэхдээ тэр сүүлчийн нэг унгарыг амьд үлдээж энд болсон бүхнийг бусдадаа дамжуул хэмээжээ. Үүнээс хойш тэр хэдэн зуун гэмт хэрэгтнүүдийг, гэр бүл найз нөхдийг, тэдний мөнгөтэй орооцолдсон хүн бүрийг устгаад дараа нь газар дор орсон мэт алга болж, өөрийгөө энэ ертөнцөд огт байгаагүй мэт нуун далдалжээ. Энэ түүхийг усан онгоцон дээрх аллагаас цор ганцаараа амьд үлдсэн тахир дутуу, жижиг гэмт хэрэгтэн Вербал Кинт мөрдөгчид хүүрнэдэг. Харин мөрдөгч түүнийг суллан тавьсныхаа дараа л тэр жинхэнэ Кайзер Созе байсныг мэддэг. 163 


ГЭРЭЛТ СҮҮДЭР

Муу эр дугаар:8. Ханнибал Лектер Кино: Silence of the lambs /Хурга майлахаа болино/ 1991 он Найруулагч: Жонатан Демми Жүжигчин: Энтони Хопкинс

Гэнэтхэн хүйт даатал гөлрөөд ирдгийг нь эс тооцвол их сайн өвөө байхаар төрхтэй, жинхэнэ жентльмений ёсоор биеэ авч явдаг өндөр боловсролтой доктор хутга барьсан үедээ хутганаасаа ч хурц ухаантай болдог. Тэр сэтгэл хөдлөлөө ямар ч үед маш сайн хянаж чадахаас гадна тавь гарсан насандаа баймгүй их хүч чадал, эрүүл биетэй нэгэн бөгөөд бие болоод сэтгэл зүй, оюун санааны хувьд төгс нэгэн. Магадгүй үүний нууц нь түүний өвөрмөц хоолны дэглэм ч юм бил үү? Тийм ээ, тэр хүн иддэг. Ингэхийн тулд тэднийг эхлээд алах шаардлага тулгардаг. Ер нь яагаад хонь эсвэл гахай иддэг хүмүүс хэвийн, харин хүн идэж байгаа нь гаж донтон болдог юм бол? Америкийн кино институтын явуулсан санал асуулгаар хамгийн шилдэг эсрэг дүрээр тодорч байсан Ханнибал Лектерийн дүрийг Томас Харрис цааснаа буулгасан бол Бриан Кокс (Manhunter-Хүн агнаач. 1986), Гаспар Улльие (Hannibal rising-Ханнибалийн хүчирхэгжилтэд залуу Лектерийн дүрд. 2007), Энтони Хопкинс нар дэлгэцэнд амьдруулж байснаас хамгийн их амжилт олсон нь Э.Хопкинсийн бүтээсэн энэ дүр.

Муу эр дугаар:9. Норман Бэйтс Кино: Psycho /Психо/ 1960 он Найруулагч: Алфред Хичкок Жүжигчин: Антони Перкинс

Эрт урьдын цагт Америкийн бөглүү хөдөөд замын дэргэдэх хаягдсан хуучин буудалд сэтгэл булаам төрхтэй, гэнэн цайлган яриатай, ичимхий даруухан нэгэн эр биш ээ, жаал бороотой шөнөөр бүсгүйчүүд зочлон ирэхийг нууцхан хүлээн ээжийнхээ хамт амьдран суудаг байжээ. Тэр тэдэнтэй тун эелдэг ярилцаж, сэтгэл доторхоо уудалдаг ч цаг нь ирэхэд гал зуухны хутгаар зэвсэглэж, ээжийнхээ даашинзыг өмсөөд тэдний өрөөг зорьдог юм. Шүршүүрийн хэсэг дэх аллагын зураг авалтыг Хичкок хэдэн зуун удаа давтсан нь дэлгэцийн түүхэн дэх хамгийн аугаа зураг авалтуудын нэг болж үлдсэн юм. Ээжийгээ алдсан уй гашуугаасаа болоод хагас солиорсон Норман амьдралдаа эхийгээ эргүүлэн авчрахын төлөө цогцсыг нь хулгайлан гэртээ хадгалж, ээжийнхээ зан араншинг эргэн дурссаар эцэст нь оюун ухаанд нь ээж нь амилж, тэр хоёр нэгэн биед амьдарч эхлэх болж л дээ. Буудалд нь бүсгүйчүүд ирэхэд ганцаардсан залуу эр тэдэнд татагдаж, дараа нь түүний дотор ээжийнх нь авир амилах үед хүүгээ харамласан ээж бүсгүйчүүдийг алдаг. Ээж нар хүүгийнхээ төлөө ямар ч харгислалыг үйлдэж чадна. Оюуны чадавхийн хувьд тэр өмнөх хоёр нэр дэвшигчээсээ хол дутуу, ердөө л ээжийн жаал бөгөөд биеийн хөгжил нь өндөр биетэйгээс бусдаар онцгойрох юмгүй ч энэ дүр хожмын үеийн найруулагчдад төдийгүй сэтгэлзүйчдэд сурах бичиг болон үлдэхүйц гайхамшиг болон мөнхөрчээ.

Муу эр дугаар:10. Норман Стэнсфилд Кино: Professional /Мэргэжилтэн/ 1994 он Найруулагч: Люк Бессон Жүжигчин: Гэри Олдман

Мөрдөгч Норман Стэнсфилдэд маш олон асуудал байдаг. Сэтгэл зүйн эмгэг, хар тамхины дон, бас Бетховен... Ёс зүйн талаар өчүүхэн ч ойлголтгүй тэрээр хүүхдүүдийг, эмэгтэйчүүдийг, хөгшдийг ч буудаж чадахаас гадна эмгэг, дон шүгэлсэн энэ эрийн дараагийн алхмыг таахын аргагүй. Өмнө нь дурдагдсан муу эрчүүдээс ялгаатай нь тэр амиа хичээсэн адгийн шаар. Үгүй ядахнаа түүнд үнэт зүйл ч гэж үгүй. Бусад нь өөрсдийн дуртай зүйлийнхээ төлөө үхэж ч чадах бол Стэнс харин хэрэгтэй цагт нь айн хулчийж, цагдаагийн тэмдэгнийхээ араар нуугдаж байдаг. Яг л манай нийгэмд тааралдах өөрөөсөө өөр үнэт зүйлгүй болсон хүмүүсийн нэг. Зарим хүмүүс Гэри Олдманы Тарантиногийн True Romance-д бүтээсэн Дрексл Спайвигийн дүрийг илүүд үздэг ч би бол Стэнсийг харахаар л үнэн сэтгэлээсээ үзэн яддаг. 164  164 

Araatnuud