Issuu on Google+

МЭРГЭДИЙН ОРОЙН ТИТЭМД ЗАЛАРСАН БАГШ МИНЬ Эрдэм мэдлэгийн их далайд хөтлөгч мэргэн сартваахь Энэрэн нигүүлсэхүйн оройн дээд багш та Энгүй оюуны шимт хурыг шавь бидэндээ түгээснээр Эндэх огоорохын гэмийн үүдийг хаамуй

А. Батсуурь /ХИС-ийн НХУС-ийн Хэл зохиолын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд проф./ a_batsuuri@yahoo.com Итгэлийн орон болсон Багшдаа мөргөмүй Донжий ладү цанни мой дэ. Хэргийн учир таны алдрыг дурдсу. Жа багш хэмээн олноо дуурсагдах Галжаан Жамъян багш таныхаа оюун билгийн их адистидийг цаг үргэлж хүртэн ахуй минь багштайгаа номын ѐсоор багш шавийн барилдлага тогтоон, өөрийн язгуурын ачит багшид шүтсэний ач тус тэр буюу. Хадаг барьж номын шавь болж, явдал мөрөө заалгасан молхи нэгэнд тааллын багшийнхаа тухай дурсан өгүүлэхээс өөр сайхан хувь зохиол гэж хаанаас байх аж. Цаг хугацааны адбиш зангийн эрхээр хүмүүний санааны жолоо цулбуур эвхэгдэн хурд явдал саарсаар хэдий ч номын их үйлчин эрдэм төгс буурал багшийнхаа гэгээн лагшин дүр, өгүүлэн сургасан ачлалт сургаал зарлиг, энхрийлэн болгоосон гүн тааллын шимээс алгасран холдох аваас урьдын ерөөлөөсөө хазайн, дахин мунхагийн харанхуйд төөрөлдөх сэтгэлийн чилүүрийг эдлэх буй заа. Багштайгаа учирсан мөнхийн заяа минь Намрын шаргал наран Ховд хотын зүүн өмнөх шовх улаан уулсын оройгоор мандан гийх өглөөний сайн цагийн өехийд багтан, өнө хэтийн эрдэм номын үүсгэл эхийг тавихаар оройгүй их эрдэмд хөтөлсөн буурал багшийнхаа гэрийн босгыг алхан орж, гэгээрэхүйн үйлсийг эхлүүлсэн тэрхүү сайхан өдрийн үр заяа миний сэтгэлийн угт бөх гэгч хадгалагджээ. Энэ өдөр өөрийн авга ах эрдэмт мэргэн санваартан Т. Пүрэвжав ахыгаа дагуулан очиход, ах минь “Би багш танд ач хүүгээ шавь оруулахаар зорьж ирсэн” хэмээн хэрэг явдлаа өгүүлэхэд багш минь машид баясан “Энэ ѐстой сайн хэрэг шүү, багш шавь барилдах нь хэт хойтдоо мөн ч ач тустай байдаг юм” гээд л өөрийнхөө язгуурын багш, эрдэм ном заалгасан эрдэмт багш нарынхаа тухай дурсан ярих зуураа, “Хөөе самгаан өнөөдөр их сайхан ерөөл бэлгэтэй өдөр болж байна, цай цүй, идээ таваг бэлтгэ” гээд л багш минь туйлын сэтгэл хангалуун байв. Бид бэлтгэж ирсэн тахил, зул хүжээ багшийн бурхан шүтээний өмнө үүсгэн, би бээр хөл нүцгэлэн бурхан шүтээнд хэдэнтээ сунан мөргөж, багшдаа хадаг юугаа өргөн барихад багш минь урилга уншлагаа уншин, зохих ѐслол үйлдэж, судар номоороо надад адис жанлаваа хайрласан юм. Тэр л мөчөөс багшийнхаа адистидийн их шимийг энэ хийгээд хойтын төрөл тутамдаа хүртэх хувь ерөөлтэй болж, багш шавийн мөнхийн барилдлага тогтоосон тэрхүү насад дурсагдах сайхан өдөр тохиож билээ. Авга ах, багш хоѐр ном эрдэм, бурханы сургаал, эртний судар бичгийн тухай дэлгэр сайхан ярилцаж, өөр өөрсдийн сонирхсон зүйлсээ бие биенээсээ лавлан асууж, ѐстой л яриа нийлэн мөн ч сайхан хүүрнэн ярилцсан даг. Тэдний яриаг амтархан сонсохын зуур, эд нар шиг эрдэм номыг сурах юм сан гэсэн чин хүсэл минь ивлэж байв. Багшийн минь амьдрал, ном эрдмийн үйлсэд насан туршийн өмөг түшиг болсон түүний хань Зулаа эгч бидний багш шавь барилдсан тэрхүү үйл заяаг маань ихэд хөхүүлэн хөгжөөж өгсөн юм. Зулаа эгч минь насаараа боловсролын байгууллагад ажилласан үй олон шавь нараараа хүрээлүүлсэн математикийн багш, “Алив миний хүү” хэмээн орсон гарсан


бүхнийг урьж угтан, идээ ундаагаар дайлж цайлсан, өөрийн бусдын гэлгүй хүүхдүүдийг эрдэм номын сайн сургаалаар хүмүүжүүлсэн буянтай сайхан эх хүн байсан юм. Эрдэмтэй хүн даруу буюу багшийн лагшингийн эрдэм Гэгээрлийн чинад хүрсэн их мэргэдийн ариун дагшин амгалангийн газраас өглөгийн давалгаа мэт эрдэм үйлсийн ариун адистидээ өнөө ч харамгүй бидэндээ хайрлан ахуй нь төгс оюуныг өөртөө хураасан мэргэдийн цаглашгүй цагийн өнө мөнхийн үйлстэний нэг бол миний багш Г. Жамъяан тэр мөн. Ертөнцийн ахуй ѐсны ааш араншингийн эрхэнд хүлэгдсэн мань мэтийн нэгэн багшийнхаа тухайд өгүүлэн дурсахуйд сэрж санах нь ядмагхан, үг найруулга мөхөсдөвч, шавийн сэтгэлийн чилүүрийг ангаахын тухайд багшаас илгээсэн адистид жанлавын гэгээн гэрлийн хүч хавсраанд зоригжин, бийр бэхсийг чадан ядан нийлүүлж буй нь энэ. Энгүй эрдмийн шимийг хайрлагч багшийн минь гэгээн дүр шавь бидний сэтгэл зүрхэнд хэлж ярьж, зааж сургаж, зөвлөн дагуулж асан тэр л янзаараа бясалгалын төв агаарт тодрох мэт, нүдний өмнө минь ив илэрхий залрах ажгуу. Багш минь дотоод сэтгэлийн сөрөг шалтгаанаа дарсан архад л ийм байдаг болов уу гэмээр энгийн төлөв төвшин, харц дулаахан, буурал болсон үсээ хойш самнаж, хуучны монгол эрчүүдийн нэгэн адил ооч сахал ургуулан, түүнээ зассан байх агаад хүрэн костюм, цэнхэр цамц өмсөж, өнгө хосолсон зангиа зүүсэн байх нь бүр ч энгийн, надад бурхан болсон аавтайгаа учирсан мэт сэтгэгдэл төрдөг сөн. Шавь нартайгаа уулзах, ярилцах тоолондоо үргэлж “Аав нь”, “Аавын хөвүүн” гээд л жинхэнэ эцэг хүний хайраар биднийгээ энхрийлэн өхөөрдөг сэтгэлийн их хайлан хүн байж билээ. Жаран насны босгыг аль хэдийн давсан ч гэсэн хөдөлгөөн гавьшгай, сэдэж санаачлах, сэтгэн бодохуй нь залуу хүнийг ичээм, бие тэнхээ аануухан ѐстой л эрдмийн хүний үлгэрийг үзүүлдэг асан. Эртний энэтхэгийн үлгэр домогт өгүүлдэгчлэн Гаслангүй модонд сайхан бүсгүйн хөл хүрэхэд салаа мөчрөөс нь цэцэг жимс гардаг шиг багшийн минь үйл мөр, эрдэм сургаал, сэтгэлийн таалалд шадарлагч хэн хүнд эрдэм оюуны охь шим өөрөө боловсорч, мөнхийн орь залуу насны хутгийг хүртсэн мэт ухаан билгийн үр шимээ хайрласаар ирсэн оюун төгс багш хүн ээ. Ийнхүү багшийгаа лагшингийн эрдэм төгссөн хүмүүн хэмээн магтан өгүүлсний учир ийн буюу. Эрдэмд дагуулсан үгс буюу зарлигийн эрдэм Хичээл номоо заасны дараа багшаас асууж, лавлах гэсэн хүүхдүүд багшийг тойрон шавдаг сан. Ёстой дээхэн үед айлуудад байдаг асан олон хүүхдээр хүрээлүүлсэн ЭнхАмгалан хааны шаазан бурхан шиг л. Тэр бүрийд огт түүртсэн, тээршээсэн шинжгүй хүүхэд нэг бүртээ өөриймсөг хандаж, сургаал зарлигаа хайрлаж, зан аалийн сайхан, үг хэлний зөөлнөөр өөртөө татан, шавь нарынхаа хүндлэл, итгэлийн орон нь болсон шавиа дээдэлсэн жинхэнэ багш хүн байсан юм. Багш минь 1990-ээд оны эхээр өрнөсөн ардчилсан үйл явцыг сэтгэл хөгжин, болох юм зүй зохисоороо болж байна хэмээн эрт урдын өвгөд хөшдийн хэлж ярьж асан зүйлс болох эш лүндэнтэй холбогдох хууч яриа, миний уншиж байсан “Чулуун барын ном” гэгчид бичигдсэн зүйлс ч биелэлээ олж байна гээд л ярьж хэлдэг сэн. Хүү минь хуучны судар номд тохиолддог вивингарди гэдэг үг чинь бурханы шашны гурван бодгалийн зүгээс өнгөрсөн, ирээдүй, одоо гурван цагийн явдал мөр, үйл үрийн тухай илэрхий өгүүлсэн зарлиг гэсэн утгатай самгард үг, үүнийг төвдөөр лүндэн гэдэг гээд л бидний утга учрыг нь тэр бүр мэдэхгүй хуучны ном судрын үг хэллэгийн утга үйлдлийг хэлж ухааруулахын хамт, эртний бичиг үсэг, ном судрыг шүүн үзэж, судалж мэдэх юм сан гэсэн хүсэл сонирхлыг минь өдөөж, нэг ѐсондоо шавь нараа


номд хөтөлдөг арга барилтай байж дээ. Хуучлан ярих, хичээл заах бүрт өөрийн ярианд гарсан сонин содон үгсийн гарал, утга учрыг заавал тайлбарлан таниулж, монгол хэлний арвин баялаг үгсийн сангаар биднийг аялуулж, энэ үгс монголын сонгодог уран зохиолын тийм нэртэй зохиол бүтээлд байдаг юм, “мянга сонсохоор, нэг үз” гэгчээр та нар заавал олж үзээрэй гээд зарлиг буулгана. Өөрт байгаа ном судраа бидэнд харамгүй өгч уншуулдаг байж билээ. Багшийн сайн шавь нарын нэг Д. Ганболд бид хоѐр ховордож олдохгүй болсон олон сайхан судар номыг багшаасаа авч үзэн, цаашид хуучирсан судар номтой чамгүй хэдэн жил оролдон, тоосны харшилтай ч болоод амжсан. Д. Ганболд найз минь одоо МБИС-ийн МСС-д багшлан эртний ном судартай нөхөрлөсөөр буй. За хүүхдүүд минь биеэ бодож байдаг юм шүү, ажил амралтаа зохицуулж бай, та хоѐр хэтэрхий их сууж байна шүү гээд л манай өрөөнд орж ирээд, сонин сайхан зүйлс, санаа авууштай, үүнийг цааш нь лавшрулан үзэх хэрэгтэй гээд л амьдрал ахуй, эрдэм номын үнэт зөвлөгөөг харамгүй өгөнгөө, за гурвуулаа “утаагүй улаанаа нэрнээ хө” гээд л хөгжилтэй өгүүлэн вамсааны төмөр хайцагтай тамхиа гаргаж ирээд, “за ороо ороо” гэхэд бид гурван талаас орж, тамхиа хурууны дайтай бүдүүн ороогоод баагиулж өгнө шүү дээ. Тэр үед орос улаан тамхи олдохгүй ховор, бид заримдаа олдсон тамхиа мохоороор сэлбэж татна. Манай өрөөнд Жа багшийн дааж авсан ангид төгссөн шавь Д. Бадамноров багш суудаг байсан юм. “Гэрт харихад гадуур хувцаснаас тамхи үнэртээд л, манайхан па яасан их тамхины үнэр вэ гэхэд манай лунжгар тамхичдын хийсэн ажил гэж хэлдэг сэн” гээд л хожим дурсан ярьж билээ. Бидний үйлдвэрлэсэн утаа өлгүүрт өлгөсөн түүний хувцаст шингэдэг байсан хэрэг юм. Ийн багш шавь гурав тамхи татан кайф авах зуураа хийж бүтээх, судлан шинжлэх зүйлсээ зөвлөлдөхийн хамт, багш надад нэг ийм санаа, сэдэв байна, би лавшруулан үзэж байгаа гээд л бидэнтэй санал солилцон, та хоѐр минь сэдвээ эрхтхэн товлож, аспирантурт суралцах хэрэгтэй гэж бидний урам зоригийг нэмж, үүрэг даалгвар өгнө. Ганбаа чи монголын сонгодог уран зохиолын хичээл зааж байна, тод үсгээр уламжлагдан үлдсэн сангийн судрууд нэлээд бий, үүнийг уран зохиолын дурсгал талаас нь судал, та нар цуглуул, би ч гэсэн хамжилцаж тусална. Бас манай тэнхимийн бичиг үсгийн санд нэлээд тооны төвд судар бий шүү, Баагий чи тэнд байгаа судруудыг нарийвчлан үз, тэндээс сонин содон зүйл олдох байх, түүнийг барьж авахыг бодоорой гэх мэтчилэн ярьж хэлсэн зүйлүүд нь биднийг эрдэм шинжилгээний ажилд хөтлөн оруулахад нэлээд түлхэц, хөшүүрэг болсон юм. Эрдэм номын үйлс буюу тааллын эрдэм Багшаас уламжлуулсан эрдэм номын шим, түүний оюунаас ундарсан мэдлэг ухааны охь нь шавийн хувьд нэн чухал зүйлсийн нэг юм. “Шавийн эрдэм багшаас” гэдэг. Багшийнхаа шавь нараа насан турш тэтгэсээр ирсэн рашааны дусал болох оюун билгийн тааллын эрдмийн тухай өгүүлэх нь энэхүү дурсамжийн оргил хэсэг нь буюу. Жа багш “Монгол хэлний түүхэн хэл зүй”, “Нутгийн аялгуу судлал”, “Авиа зүй”, “Хэл шинжлэлийн удиртгал”, “Ерөнхий хэл шинжлэл” хэл шинжлэлийн ухааны голлох хичээлүүдийг зааж байв. Хичээлээ заахдаа маш их өргөн дэлгэр мэдээллийг ашиглан, уламжлалт хийгээд орчин цагийн монгол хэл шинжлэлийн утга ухагдахуун, нэр томьѐог ашиглан монгол бичгийн дурсгалуудын баримт хэрэглэгдэхүүн түшин, өөрийнхөө судалгаа шинжилгээний үр дүн, дүгнэлт, таамаглалаа танилцуулж, урьд өмнө шийдэгдээгүй, маргаантай байгаа асуудлуудыг ямагт хөндөн ярьж, та нар чухам энэ талаас нь лавшруулан үзэх хэрэгтэй, ингэхдээ ийм тийм баримт хэрэглэгдэхүүн, сурвалжийн бүтээл ашиглахын хамт, хэн гэдэг судлаачийн ямар бүтээлээс тухайн зүйлийг магадлан үзэж болохыг ч нэг бүрчлэн заан зөвлөж, сургалт – эрдэм шинжилгээг хослуулж чаддаг жинхэнэ эрдэмтэн багш хүн байсан.


Ээлжит хичээлээ онолын өндөр түвшинд бэлтгэх бөгөөд “дагуулан сургах ухаан” болох уламжлалт гэрийн сургалт буюу шавь төвт сургалтын онцгой төрөл болох номд дагуулах аргыг хэрхэн ашиглах вэ гэдгээ нарийн бодолцож байжээ. Энэ нь нэг талаар аливаа мэдээллийг тухайн шавь хэрхэн мэдлэг болгож, өөриймсүүлж авах арга ухаанд сургах, учир шалтгааны үүднээс аливаад дүн шинжилгээ хийх сэтгэхүйг төлөвшүүлэхийн хамт шавиа хүнлэг хүн болгохын тулд хүнээр хүн хийх монгол сэтгэлгээ, монгол ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлалыг орчин үеийн танхимын сургалттай чадварлаг хослуулдаг байв. Түүний мэдлэг эрдэмд суралцсан түүх үндсэндээ гэрийн сургалтаар суралцаж, бие даан сурч боловсрохын нэгэн үлгэр жишээ юм. Тэрээр өвгөн хүн хэдий ч ѐстой л залуу сэтгэлгээтэй, аливааг шинэлэг талаас нь үнэлж дүгнэдэг, гэхдээ хуучин уламжлалт ойлголт ухагдахуутай шүтэлцүүлэн зүйтэй шийдлийг олж чаддаг байжээ гэж хэлж болно. Багш нь англи хэл сурч байна гээд л жижиг цаасан дээр цээжлэх үгээ биччихсэн, ойр зуурын харилцан яриагаар бидтэй ярьж, “Болж байна уу хөө” гээд л өөртөө урам өгч, бидэнд ташуур болдог сон.


Эрхэм багшаа дурсахуй